Thursday, October 20, 2011

Хөтөлбөрлөлийг Сургааль болгосон нь

- үргэлжлэл -

Улам бүр өсөн нэмэгдэж байсан хөтөлбөрлөлийн бэрхшээлүүдийг тусгайлан онилсон урьдын олон жилийн хүчин чармайлтуудаас үл хамааран 1968 онд хөтөлбөрлөлийн хямрал нүүрлэв. Хөтөлбөрлөлд нүүрлэсэн асуудлуудыг олж хараад шинэ санаа дэвшүүлсэн эрдмийн хүрээллийн ертөнц дэхь судлаачид нь үндсэндээ Э. Дикстра болон К. Хоар нар байлаа. 1965 онд Дикстра өөрийн алдарт "Бүтэцлэг хөтөлбөрлөлийн талаархи тэмдэглэлүүд"-ээ бичиж хөтөлбөрлөл бол урлал бус харин сургааль хэмээн тунхагласан байв. Түүнчлэн 1965 онд Хоар өгөгдлийн бүтцийн талаар чухал нийтлэлээ нийтлүүлээд байлаа. Хөтөлбөрлөлийн шинэ хэлүүд, ялангуяа Паскал хэл бүтээхэд эдгээр санаа гүнзгий нөлөөлсөн юм. Шинэ хэлүүд нь эдгээр шинэ санааг илэрхийлэн тээгчийн үүрэг гүйцэтгэжээ. Бүтэцлэг хөтөлбөрлөлийг бүтэцлэг хөтөлбөрлөлийн хэлүүдээр дэмжих боллоо.     
             
1966 онд, Дикстра ээлжлэн хорших үйлүүдийн тухай ном бичиж семафорт суурилсан сургаалиа дэвшүүлсэн юм. Өрсөлдөгч үйлүүдийг уялдуулах анхдагч нэгж болох семафорыг 0 ба 1 гэсэн утгууд болон P ба V гэсэн эгэл үйлдлүүдээс бүрдэх өгөгдлийн төрөл хэмээн үзэж болно. (P(s) нь - өөр үйлийн үйлдлээр - s-ийн утга 1 болох хүртэл дуудагч үйлийг саатуулж байгаад дараа нь семафороо тэглэнэ. V(s) нь s-ын утгыг 1 болгоно.) Дараахан нь Хоар 1966 онд суваг ба нөхцлүүд гэсэн ухагдахуун, түүнчлэн "?" (байцаах) болон "!" (нөхцөл нягтлах) тэмдгүүдээр тэмдэглэсэн хоёр үйлдэгч дээр суурилсан Мэдээ солилцогч Цуврал Үйлүүдээ дэвшүүлсэн юм. Ирээдүйд хөтөлбөрлөгчид өрсөлдөгч үйлүүд тойрсон элдэв бэрхшээлүүдтэй нүүр тулах болно гэдгийг Хоар бүрэн ухаарчээ. Өрсөлдөөнтэй тулгарах бодит шаардлага нь бүтэцлэг болон сургаальлаг аргачлал аминд тулсныг илүү тодоор харуулсан юм.         

Энэ бүх хүчин чармайлттай зэрэгцээд, 1968 оны НАТО-гийн бага хурлын үеэр хөтөлбөрлөлийн талбар нь учраа олохгүй алмайрсан, тэр бүү хэл задарч, бутарсан байдалтай байв. Дикстра, Хоар болон бусад хүмүүсийн хөгжүүлсэн чухал хөгжүүлэлтүүд нь бүх бэрхшээлийг ганц шөнөдөө арилган туурвилын нөхцөл байдлыг өөрчилж чадсангүй, чадах ч боломжгүй. Хөтөлбөрлөгчдийнх нь хэрэглэж байсан багаж хэрэгслэлүүд болон хэлүүдэд 1968 онд үүссэн эдгээр шинэ санаанууд огт нэвтрээгүй байсан тул үйлдвэрлэгчид өөрсдийн бодлого, багаж хэрэгслэлүүдээ хангалттай хурдан өөрчилж чадахгүй байв. Тун удалгүй бүтэцлэг хөтөлбөрлөлийн эрчимсэн сургалтууд зохион байгуулагдаж эхлэлээ. Ялангуяа IBM пүүс дотор. Хөтөлбөрлөлийн асуудлууд харанга дэлдлээ гэдгийг Америкийн Батлах Хамгаалах Хэлтэс хүртэл анхаарч эхлэв. БХХ өөрийн зүгээс төсөл санаачилснаар хэрэглээний өргөн хүрээ хамрахад тохиромжтой, дээд зэргийн бүтэлцэг хэл Ада мэндэллээ. Ингэснээр БХХ доторхи туурвил хөгжүүлэлт  зөвхөн Ада хэл дээр суурилах болсон нь өнөө ч хүчтэй хэвээр байна.        
  
Туурвил инженерчлэлийн товч түүх
1960-аад он ба Туурвил Инженерчлэлийн Үүсэл

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home