Friday, May 05, 2006

Туурвил Хөгжүүлэлтийн хичээлийг Та хэрхэн явуулах ёстой вэ?

Юуны өмнө хэлэхэд, коллежид хичээл заах нь миний санаснаас амаргүй хүнд даваа байсныг тэмдэглэх хэрэгтэй. Уг нь хичээл заана гэдэг тун сонирхолтой ажил. Гэвч ихэнхи оюутнууд миний ойлгуулахыг чармайдаг зүйлийг ер сонирхдоггүй. Би өөрийгөө муугүй багш гэдгээ мэднэ, учир нь миний явуулсан сургалтын дараа суралцагсад маань надад баярлаж талархсанаа чамгүй илэрхийлдэг. Миний олон шавь нар нэр хүндтэй туурвил хөгжүүлэгчид болсон бөгөөд үүнд миний хувь нэмэр их бий гэдгийг тэд нууж хаалгүй хэлдэг нь надад ихээхэн урам зориг өгдөг.

Мэдээллийн технологийн салбарт арав гаруй жил ажилласан гэлтгүйгээр, хүмүүсийг, ялангуяа шинэхэн төгсөгч оюутнуудыг ажилд авахад гардаг нийтлэг бэрхшээл надад бас л тохиолддог. Тооцоолуурын чиглэлээр төгсөгч оюутнуудын тооцоолуурын хөтөлбөр бичих чадвар жилээс жилд улам дордож байгаа гэдэгт үнэний ор бий гэж боддог. Гэтэл хамгийн гайхалтай нь энэ бол боловсролын тогтолцоо нь бүх түвшиндээ хоцрогдсон Бразиль улсад тулгарч буй бэрхшээл биш, ажилтан сонгон шалгаруулна гэдэг нь АНУ болон Европ дахь төслийн менежеруудын хувьд ч толгой өвтгөсөн хурц асуудал болсон хэвээр байна.

Би анхандаа шинээр гарч ирж байсан ашиглахад хялбар RAD /түргэвчилсэн/ хэрэгслэлүүдийг буруутгаж байлаа. Туурвил хөгжүүлэлт гэдэг нь ердөө л визуал самбар дээрээс ямар нэг бэлдэцийг /компонент/ хулганаар чирж, зөөхийн нэр, тиймээс код бичиж сурах албагүй гэсэн өнгөц ойлголт хүмүүсийг байлдан дагуулж эхэлж байв. "Энэ багажыг ашиглавал та заавал хөтөлбөрлөгч байх албагүй" хэмээн амалсан олон багаж төрөн гарч байсан Clipper-ийн эхэн үеийг би тодхон санаж байна. Шийдвэр гаргагчид болон олон сайн туурвил хөгжүүлэгчид иймэрхүү амлалтанд хэт итгэсний горыг бид одоо амсаж эхэлж байна.

Өнөөгийн төгсөгчдийн чанар муу байгааг дан ганц их сургууль, эсвэл оюутнуудад тохох хэрэггүй. Нарийн түвэгтэй алгоритм, өгөгдлийн бүтэц болон мэдээлэлзүйн онолыг судлахаас зугтан хялбар дөт зам хөөхийг оюутнуудад хэн уриалав? Өнөөгийн туурвил хөгжүүлэгчдийн мөрөөдөл нь тооцоолуурын гарамгай хэрэглэгч болох явдал, тооцоолуур хэрхэн ажилладаг, түүнийг өөрөөр хэрхэн ашиглаж болохыг ойлгож мэдэхийг хүсдэг гэдэг утгаараа, тэд бол хуучин цагийн дэлбэлэгч хакерууд биш

Жава хэл заахаас сургалтаа эхлэх ёстой гэх юмуу Schema хэл үзэх ёстой гэж маргах нь үнэндээ ямар ч утгагүй. Жинхэнэ ясны туурвил хөгжүүлэгч хүн цамцаа сольж өмсдөг шиг амарханаар нэг хэлээс нөгөө рүү шилжиж чадна. Тооцоолуурын цуутай хэлүүд (ялангуяа Мэдээллийн Тогтолцоо бүтээх зориулалттай) ямагт богинохон настай байдаг. Нас эцэслэхдээ тухайн хэл нэг бол бараа сураггүй алга болно (яг Clipper шиг), эсвэл хэрэгцээгээ дагаад шал өөр, цоо шинэ хэл болон хувирна (өнөөгийн VB.Net шиг). Гэхдээ сүүлийн арван жил Жава бараг өөрчлөгдөөгүй шүү дээ хэмээн та мэтгэж мэднэ, гэвч хэрэв шинээр гарч буй бүх API, фреймуорк бүрийг судалж үзнэ гэвэл Жава үүсэхээс нь одоо хүртэл ашиглаж буй туурвил хөгжүүлэгч хүн дахиад нэг сургууль төгсөх дайны хугацаа зарна гэдгийг ойлгох болно.

Тэгэхлээр ямар хэл ашиглах нь сургалтанд тийм ч чухал биш. Харин юу заах нь чухал. Ихэнхи оюутнууд ажил олж авахын тулд суралцдаг, тиймээс ажлын зар дээр юу чухалчилсаныг чиг баримжаа болгодог нь нууц биш. Маш олон сургуулиуд Жава хэл заах болсон шалтгаан энэ. "Хүүхдийн тоглоомын" хэл ашиглан сургалт явуулаад, эсвэл эрэмбэлэх алгоритм маягийн уйтгартай жишээн дээр бөөн цаг зараад оюутнуудын идэвхи сонирхлыг хэзээ ч өдөөн татаж чадахгүй. Түүнчлэн ажил дээр гараад хийдэг гол ажил нь CRUD хэрэглэгдэхүүн байдаг атал, хүлээлгийн онол /queue theory/ мэтийн нарийн түвэгтэй тооны онолыг оюутнуудад заагаад бас нэмэргүй.

Бодит амьдрал дээр тулгардаг, өдөр тутмын хэвшмэл ажлыг хэрхэн яаж шийдвэл зохистой болохыг харуулах нь чухал болохоос ямар нэгэн түвэгтэй асуудлыг шийдэхэд функционал хөтөлбөрлөл, ламбда тоолол, төгсгөлөг автоматын аль нь илүү тохиромжтой болохыг номлох нь дэмий хэрэг. Түүнчлэн ихэнхи оютнуудын шийдэж чадахуйц боломжийн бодлогоос эхлэх хэрэгтэй. Эс тэгвэл тэдний сонирхол буурна. Тооцоолуур нь "хэрэглэгчид ээлтэй" байх учиртай. Ажлынхаа дан ганц хүнд цэгүүд дээр анхаарлаа төвлөрүүлээд амжилт олохгүй.

Боловсролын байгууллага, МТ компани хоёр хатуу үнэнтэй нүүр тулгарах нь дамжиггүй: үйлдвэрлэлд туурвил хөгжүүлэгчдийн хоосон орон зай маш их байна. Хэрвээ та багшилдаг бол энэ хоосон зайг дүүргэхийн тулд бүх боломжоороо хүмүүсийг бэлдэх нь таны үүрэг. Тооцоолуурын хакерууд төрүүлэх ёстой гэсэн явцуу бодлоор энэ зорилтыг биелүүлэх боломжгүй. Нөгөө талаас, шинэ ажилтнуудаас юу хүсэн хүлээж байгаагаа МТ хүмүүс шударгаар хэлэх хэрэгтэй. Хэрвээ тэд шинэ ажилтнуудад хандан буруу, зөрүү мэдээ илгээсээр байх аваас хойшид ч чадваргүй мэргэжилтнүүд хүлээн авсан хэвээр байх болно.

Энэ бүхний гол буруутан бол яах аргагүй багш нар. Миний мэдэх цөөхөн багш л бодит амьдралд хэрэг болох Обьект Хандалтат хөтөлбөрлөлийн арга техникүүд болон хүснэгтэн өгөгдлийн сангуудыг /relational databases/ хэрхэн оновчтой ашиглах талаар зааж чадна. Тэдний ихэнхи нь Turbo Pascal ч юмуу эсвэл оюутан ахуйдаа сурсан ямар нэг хэлээ өнөөг хүртэл ашигласаар байна. Албан шахалтаар ямар нэгэн шинэ зүйлүүд, жишээ нь Жава заах болмогц, тэдгээр багажийг ашиглахдаа тун тааруухан хөгжүүлэгч болохоо тэдгээр багш нар харуулдаг. Жава заахдаа (ердөө Обьект Хандалтат зохиомжийн хичээлийн нэг хэсэг байсан ч тэр) Struts, Hibernate, JSF болон оюутнуудын сонссон өөр бусад зүйлсийн талаар асуусан асуултанд хариулж чадахгүй бол тэр багш хэзээ ч оюутнууддаа хүндлэгдэхгүй.

Тэгэхлээр, жинхэнэ хөгжүүлэгч ямар байх талаар буруу төсөөллийг олон жилийн турш өгсөөр ирсэн МТ үйлдвэрлэлийн нөлөөнд хэт автан захиалагчдынхаа (оюутнууд) хэрэгцээ шаардлагыг буруу тооцож ажилласан их сургуулиуд, эрдмийн хүрээлэн дотроо царцан бодит амьдралаас хол тасарсан багш нар гэсэн хоёр нөхцөл нийлснээр сургалтын чанар эрс муудсан гэдэг нь гарцаагүй.

Түүнчлэн ганцхан семестерийн дотор (хажуугаар нь бусад хичээлтэй холбоотой 5 - 6 дадлагын ажил хийгээд) хийж дуусгадаг сургуулийн дасгалын ажлаар арчилгаа, маллагаа, бүтээмж, аюулгүй байдал, найдвартай ажиллагаа зэрэг жинхэнэ бодит амьдралын хэрэгцээ, шаардлагыг нөхөж яавч чадахгүй гэдгийг тооцвол асуудал улам дордоно.Үр дүнгээ багшид танилцуулснаар дадлагын ажил дуусдаг бол эхний хувилбараа гаргаснаар туурвилын төсөл дөнгөж эхэлдэг.

Миний бодлоор бол диплом авахынхаа өмнө эмнэлэг дээр дадлага хийдэгтэй төстэй зүйлийг оюутнууд хийдэг байх ёстой. Чамбай, сайн туурвил туурвин бүтээхийн тулд яг юу сурах ёстойг сайтар ойлгож мэдэхийн тулд бодит амьдралд ойр туурвилын төсөл дээр хэдэн сарын турш ажлын бүтэн өдөр зарцуулан багаар хамтран ажиллахыг тэднээс шаардах хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн анхны хувилбар 1.0 гаргаснаар ажил нь дуусдаг байж болохгүй. Магадгүй цоо шинэ хэрэглэгдэхүүн бичих биш, харин төслөө сайжруулах юмуу эсвэл арчилгаа, тордолгоо хийдэг байвал илүү зохино.

Өндөр эрэлт хэрэгцээтэй байгаа шинэ залуу МТ инженерүүдийг яаралтай бэлдэхийн тулд тооцоолуурын чиглэлийн коллежууд сургалтынхаа хугацааг багасгах хандлага Бразиль улсад (АНУ болон бусад оронд бас адилхан уу?) хүчтэй илрэхийг би анзаардаг. Тооцоолуур судлахдаа дөрвөөс таван жил биш, ердөө л хоёр, гурван жил зарцуулна. Сургалтынхаа нийт хугацааны талыг нь хасна гэдэг юу гэсэн үг вэ? Мэдээж, энэ бол оюутнууд зайлшгүй сурах ёстой зүйлээ гүйцэд сурч чадахгүй гэсэн үг.

Яг л эмч нартай адил нарийн мэргэжлээр дагнан гүнзгий мэргэших ёстой чухал салбар бол тооцоолуурын салбар мөн гэж би боддог. Сайн DBA (Өгөгдлийн Сангийн Архитектурч) мэргэжилтэн болоход хичнээн хугацаа шаардагдах вэ? Сүлжээний-аюулгүй байдал хариуцсан экперт болоход? Эсвэл төхөөрөмжийн хөтлөгч /device driver/ бичих чадвартай үйлдлийн системийн түвшний хөгжүүлэгч болоход? Үйлдвэрлэл ч тэр, эрдмийн хүрээлэн ч тэр, аль аль нь ийм хэрэгцээ шаардлагыг ойлгохгүй байгаад хэргийн учир оршино. Туурвилын шилдэг багаж юмуу өндөр хүчин чадалтай тооцоолуур гарснаар туурвил хөгжүүлэгчдийн мэдлэгийн дутууг гүйцээнэ гэж итгэдэг. Байдал ийм байхад, сайн туурвил хөгжүүлэгч болохын тулд хүнд хүчир ажил хийж өөрийгөө зовоохын оронд ийм багаж ашиглах нь хавьгүй дээр гэдэгт оюутнууд хялбархан итгэх нь зүйн хэрэг.

Өнөөгийн үйлдвэрлэл ч тэр, эрдмийн хүрээлэн ч тэр, шилдэг туурвил хөгжүүлэгч болохыг хүссэн хүнд хэрэгтэй зөвлөмж, тус дэм өгч чадахгүй.

Жич: Хөтөлбөрлөгчдийн ур чадварыг сайжруулах асуудал өдгөө дэлхийн аль ч орны хувьд хүнд асуудал болоод байгаа нь түгээмэл үзэгдэл. Үүнийг шийдэхэд харилцан эсрэг, тэсрэг үйлчлэлтэй хоёр хүчний тэнцвэрийн цэгийг зөв олж тогтоох явдал чухал болов уу. Туурвилын /софтвер/ хөгжил нь ямагт тоноглолын /хардвер/ хөгжлөөс ихээхэн хамааралтай байдаг. Тоноглол үнэтэй /санах ойн багтаамж, боловсруулах төхөөрөмжийн хурд, сүлжээний өгөгдөл дамжуулах зурвасын өргөн гэх мэт/ байх, эсвэл хямд төсөр байх нь туурвилын амьдрах тэс өөр өөр орчин, хөрсийг бүрдүүлнэ. Жишээ нь тооцоолуурын санах ойн багтаамж 1МБ - 4МБ, боловсруулагчийн хурд 20Мгц - 30Мгц байх үед ямар нэгэн обьект хөтөлбөрлөл, зургийн орчин эсвэл үзэгдэл боловсруулах загварын талаар санахын ч хэрэггүй. Гэтэл өнөөгийн боловсруулах төхөөрөмжүүд зөвхөн тоо юмуу бичвэр боловсруулах үйлдлүүд төдийгүй дуу, дүрс зэрэг мультмедиа үйлдлүүд хийх чадвартай, тэр ч бүү хэл олон зүтгүүрийн технологи /жишээ нь hyper-threading/ болон виртуалчлалын /зөвхөн виртуал санах ой төдийгүй виртуал машин, виртуал үйлдлийн систем/ технологи зэрэг уламжлалт үйлдлийн системийн хэрэгслэлүүдээр иж бүрэн тоноглогдох болоод байгаа нь туурвил хөгжүүлэх технологийг шинэлэг өнцгөөс харахыг шаардах боллоо. Иймэрхүү үйлдлүүд нь урьд цагт хөтөлбөрлөгч хүнээс ямагт ихээхэн анхаарал, болгоомжлол, цаг хугацаа, хүч шаарддаг байв. Одоо бол энэ бүхэн нь жирийн нэг хялбархан "үнэгүй" автомат үйлдэл болон хувирлаа. Энэ хандлагаа дагаад боловсролын байгууллагууд ч сургалтынхаа агуулгыг илүү хялбарчлах зам руу орсонд зарчмын хувьд нэг их буруу байхгүй.

Аливаа хялбарчлалын амин сүнс нь хийсвэрлэл байдаг. Жишээ нь морь, нохой, гахай, тахиа, хүн гэдэг юмс бүгдээрээ ялгаатай боловч үхэх, төрөх, хооллох, явах гэх мэт олон шинжээрээ төстэй. Энэ бүх нийтлэг шинжээр нь амьтан гэж цоо шинэ хийсвэр юм бодож олж болно. Яг үнэндээ амьтан гэж бодитой юм байхгүй боловч ганц үүнийг ашиглан морь, нохой, гахай, тахиа зэрэг олон бодит юмсыг маш хялбархан бүтээж болно. Ингэснээр жишээ нь боловсруулах төхөөрөмж дотор морь, нохой, гахай, тахиа мэт олон юм суулгахын оронд амьтан гэсэн ганцхан юм суулгах боломжтой болж маш их хэмнэлт гаргана. Үүний нэгэн адил, туурвилууд /нарийндаа бол төрөлжсөн, битүүмжлэгдсэн мэдлэгүүд/ хичнээн олон янз байлаа ч төрөх, үхэх, хооллох, амьсгалах гээд маш олон нийтлэг шинжтэй. Иймэрхүү шинжээр нь зүтгүүр /thread/, ажил үйл /process/ гэх мэт хийсвэр юмс бодож олоод үүнийгээ үйлдлийн системийн цөм дотор амилуулдаг байлаа. Харин өнөөдөр боловсруулах төхөөрөмжүүд маань улам бүр хийсвэр шинжтэй болон хувирч өөрчлөгдөж байна. Хийсвэр байна гэдэг нь цаанаа бол доторхи эд ангиуд нь хоорондоо тодорхой эмх цэгцээр зангидагдсан, нарийн нийлмэл, цогц бүхэллэг шинжтэй байна гэсэн үг. Үүнийгээ дагаад тоноглол маань атомлог шинжээсээ молекуллаг шинж рүү ойртоно. Тэгэхлээр урьд нь удаан, үнэтэй, бараг урлаг гэж тооцогддог байсан зүйлс тоноглолын түвшинд шилжснээр хямдхан, өндөр хурдтай, бараг үнэгүй зүйл болон хувирч байна. Энэ нь асар их хөдөлмөр хөнгөвчилнө. Товчхондоо, бид одоо нэг ёсондоо шилжилтийн үедээ явж байна.

Миний энд хэлэх гэсэн гол санаа бол өнгөрсөн технологитой хэт зууралдах нь өндөр эрсдэлтэй гэдэг утгаараа хүмүүс уламжлалт технологиос дайжих үйл явц явагдаж байгаа бөгөөд энэ нь мэдлэгийн тодорхой хоосон орон зай, хомсдол бий болгож байгаа нь илт. Тэгэхлээр хэсэг хугацаанд энэ хоосон орон зай дээр тоглох бодит боломж бидэнд байна гэсэн үг. Энэ бол үүлэн чөлөөний нар. Миний бодлоор хуучныг хадгалан шинээс хоцрохгүй байх хамгийн шилдэг арга бол чихний эмч, дотрын эмч, элэгний эмч гэдэг шиг тодорхой салбараар дагнан мэргэших явдал. Зөвхөн энэ нөхцөлд л шинэ, хуучныг оновчтой холбож чадна. Орчин үеийн автомат хэрэгслэлүүд ч яг ингэж дагнан хөгжиж байгаа. Дээрхи тэмдэглэлийг бичсэн хүн ч иймэрхүү санааг хэлэх гэсэн юм болов уу хэмээн таамаглаж байна.

Comments

gaihaltai. denduu goyo. naiz mini bicheed baigaarai
Posted by khishgee on 07/26/2006 12:44:51 AM

Их сургуульд программчиллын хэл заана гэдэг бол жаахан сонин асуудал. Угаасаа university гэдэг үгийг хараад л юу заах ёстой вэ гэдгээ сайн санацгаах хэрэгтэй болов уу. Их сургуульд голдуу акедимик шинж чанартай, суурь боловсролыг заах хэрэгтэй, харин төгссөний дараа тэр хүн программчиллын хэлнүүдийг бол ёстой цамцаа солих адил сурна гэдэгтэй үнэхээр санал нийлж байна. Ямар ч байсан намайг КтМС-д сурж байхад хэлийг чухалчилж авч үздэггүй байсан, ерөөсөө заадаг ч үгүй байлаа. Зааж байгаа хэл нь зүгээр бэлэг тэмдгийн чанартай паскал, с++ гэх мэт. Эдгээр хэлийг ашиглаж хэрэглэгдэхүүн зохиоход төвөгтэй, зүгээр массив эрэмблэх, фибоначийн тоо олох энэ тэрийг л хийдэг байв. Тэгтэл ажил дээр гарахад тэр оюутанд тийм юм хэрэггүй. SQL Server, delphi, Visual basic л хэрэгтэй, тийм учраас оюутны чихэнд эдгээр үгнүүд ямар сонсголонтой сонсогддог гээч. Гол хичээлдээ дургүй болдог үндсэн шалтгаан энэ. Нөгөө талаар ажил олгогч ч гэсэн энэ чанарыг л харж ажилд авна. Тэр оюутны обьект хандалтат хэлний мэдлэг ч, өгөгдлийн сангийн зохистой зохион байгуулах ч, падлий байхгүй харин SQL хэл сайн мэдээд DDL, DML, DCL ээр query бичиж чадаж байвал маш их үнэлэгдэнэ. Энэ л жинхэнэ манай сургалтын системийг алж байна даа
Posted by khishgee on 09/17/2006 02:11:56 AM

Таны зохиосон Туурвил Хэрэглэгдэхүүн гэдэг үгнүүд таалагдаад байгаа болохоор блог дээрээ ашиглаад эхэлсэн шүү. Дургүйцэхгүй биздээ. Тависаныхаа дараа хэлж байгаад уучлаарай. Хэхэ
Posted by khishgee on 09/17/2006 02:14:47 AM

Тэгтэл яг үнэндээ системийн шинжилгээ, өгөгдлийн сангийн зохион байгуулалт, үйлдлийн системийн онол, программчиллын хэлний бүтэц зэрэг акедимик хичээлүүд л оюутанд жинхэнэ мэдлэгийг олгож чадна. Анх ажилд орох үедээ муу байсан ч яваандаа эдгээрийг сурсан оюутнууд чангарч ирдэг гэдгийг би анзаарсан юм. DML, DCL, DDL ашиглан query бичихийг ном хараад амаархан сурч болно. Харийн дээр дурдсан хичээлүүдийг зөвхөн эрдэмтэн багш нарын заах арга зүй, мэдлэгээр л олж чадах болов уу
Posted by khishgee on 09/17/2006 02:23:58 AM

Tanii bichsen temdegleliig unshaad unendee sain oilgosongui. (2 unshlaa) Herev tsag zav bolomjtoi bol "Orshil - Asuudal - Ornol - Dugnelt" gesen helbereer dahiad neg bicheerei. Minii oilgosnoor ta hicheel herhen yavuulah ve gesen asuudliin dor, surgaltiin programiin tuhai hamruulaad yariad baih shig baina. End bichsneer ta surgaltiin hotolboroos sort -iin arga geh metiin "amidrald hereg boldoggui" zuilsiig hasaad OOP taliig iluu zaaya gej heleh geed baih shig baina. Yeronhii sanaag tani demjij baina. Harin minii bodloor, ih surguuli gedeg bol hamgiin elementar yumiig oyutnuuddaa hurgeh yostoi. IT world ruu orson bol medeh shaardlagatai basic medlegiig zaah yostoi gesen ug. Hicheel zaadag hunii huvid oyutnuudad sonirholtoi sonirholgui sanagdah ni asuudal baij boloh yum. Gehdee ted suraltssnii etsest hen negen ni ter hetsuu onoliig sursandaa bayarlalaa geh odor irne gej bodoj baina. Bas ter hetsuu onoliig surahguigeer hooloo olj idej bolno. Negen zuil. Bachelor gedeg bol hen negend mergejiliin ondor medleg chadvar ogoh bish, suuri medleg ogdog tuhai salbariin anhan shatnii surgalt yum. Herev to code bichih MT engineer beldeh gej baigaa bol anhnaasaa surguulid surgah shaardlaga ch baihgui. Harin IT -iin yanz buriin mergejiliin hun beldeh gej baigaa bol tedgeeriin suuriig l zaaj ogoh yavdal yum. Daraa ni network administrator bolno uu, DBA bolno uu, magadgui Computer Science-aar sudalgaa hiigeed Turing shagnal avah hun ch garch bolno. Bachelor bol edgeeriin ali ch chigleleer yavsan undsen suuri medlegtei boloh yostoi yum. Bas negen zuil. Odoogiin ondor chadvariin tools -iig ashiglaval programiig hen ch bichne. Harin professional programmer, amatuer programmer -iin hoorondoh yalgaa yu ve gedgiig oyutnuuddaa oilguulj baih heregtei yum. Ter uyed CRUD -aas gadna, DBMS deh indexing esvel suljeenii huleeltiin onol zergiig hen sain medej baigaagaas iheehen yalgaa garah bolno. Tegeheer gol ni suuria zaaj ogoh yostoi yum. Harin bie daaltiin yavtsad pascal zaana uu, C++ zaana uu .NET Framework zaana uu, hamaagui. Bagsh ch edgeeriin buren medeh albagui. Yutai ch onoogiin baidliig dugneed shuumjleltei taliig gargaj irj shinechleh talaar ooriin sanaagaa bichsend ih bayarlalaa. Tand amjilt husie! ps: Ingehed ta ali surguuliin bagsh bilee?
Posted by Negen IT engineer on 11/23/2006 09:00:17 AM

Нэг зүйлийг тодруулахад энэ бол миний бичсэн тэмдэглэл биш, харин коллежид багшилж байсан нэг хөтөлбөрлөгч нөхрийн бичсэн хувийн тэмдэглэлийн орчуулга юм. Сургууль төгсөгчид яагаад ажилдаа тэнцэхгүй байна, яагаад хичээлээ сонирхохгүй, мэргэжилдээ хайнга хандаж байна, үүнд хэн буруутай вэ гэхчлэн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Жирийн нэг бразиль хүний үзэл бодол. Харин энэ асуудлаар баримтлах миний хувийн үзэл бодол арай өөр байж мэднэ. Яг нарийндаа, өнөө цагт ямар ч хөтөлбөрийн систем бүтээлээ гэхэд ямар нэгэн зүйлийг шинээр сэтгээд, бодож бясалгаад, нухаад байх шаардлага бараг байхгүй. Юуг, хэрхэн, яаж шийдэх вэ гэдэг үндсэн жор нэгэнт хэвшиж тогтсон. Харин тэдгээрийг хооронд нь хэрхэн хялбарханаар холбож угсрах вэ гэдэг дээр гол асуудал байх шиг байна. Вэбээр жишээлье. Та ямар ч вэб хуудас нэмлээ, хаслаа, өөрчиллөө гэсэн энэ нь ажиллаж буй бусад хэсэгтээ бараг нөлөө үзүүлэхгүй. Үүний тулд олон юм уншиж судлаад байх ч шаардлага байхгүй. Задгай, тогтвортой, уян хатан орчин. Гэтэл өнөөгийн хөтөлбөрийн системд ийм чанар бий юу? Байхгүй. Хамгийн энгийн зүйл хийхийн тулд маш олон журам, зааврыг мөрдөх, судлах, тооцох хэрэгтэй болно. Яльгүй алдаа гаргахад л юунд ч хүргэж мэднэ. Суурь нь ийм байсаар байтал дээр дээрээс нь улам олон юм нэмээд хүн ойлгохын аргагүй түвэгтэй юм бий болгосоор байна. Харин энэ бүхнийг цэгцэлж журамлах цаг, завтай хүн байдаггүй бололтой. Эцсийн эцэст үүнээсээ одоо бүгд залхаж эхэлж байх шиг байна. XML дээр суурилсан Web 2.0 технологи гээд байгаа нь энэ тамаас гарах гарц хайж буй нэг хэлбэр юм болов уу. Яваандаа тооцоолуурын үнэ өртөг буурч, хүчин чадал нэмэгдэхийн хэрээр Web 2.0 технологи илүү эрчимтэй хөгжинө. Тэр цагт л системийг өргөтгөн сайжруулах, эд анги нэмэж, хасах нь гипер холбоос /hyper link/ маягийн амар хялбар болох байх. Өнөөдөр ямар нэгэн логик, алгоритм бичнэ гэхээсээ илүү нэг юмыг нөгөө юмтай холбох гэж хамаг цаг хугацаа, нервээ барж байгаа нь хэнд ч тодорхой. Үүнд ямар нэгэн сургууль, багш, оюутан, эсвэл компанийг буруутгах нь илүүц юм болов уу. Миний хувийн бодол гэвэл иймэрхүү байна.
Posted by surgalt on 11/23/2006 11:04:04 AM

Энд бичигдсэн зүйл төдий олон хүнд хүрэхнүй байна шүүдээ. Тиймч болохоор энд бичсэн зүйл эндээл байгаад хэдхэн хүн саналаа хэлэхээр болчихдог биш зүйл биш байхаа . Энэ асуудлаар үнэхээр санаа зовж явдаг хүн бол өөрийн мессенжерийн хаягийн тусламжтайгаар аль болох бүх хүнд тараахыг уриалж байна. Дамжуулаад байгаараа . Ингэвэл олон хүнд юм бодогдуулах байхаа
Posted by NewStudent on 12/02/2006 11:24:34 AM

Sanalaa helsend bayarlalaa. Yutai ch hunii yum orchuulj bichsen bol hoishid ter tuhaigaa bichij baihiig husie. Tanii sanaa bish gedgiig ch oilgoloo. Harin ene tuhai ta ooroo yag yu gej bodoj baigaagaa iluu todorhoi bichvel ih busad hund ch hureh bolov uu.
Posted by Negen IT engineer on 12/13/2006 03:43:54 PM

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home