Wednesday, October 19, 2011

1960-аад он ба Туурвил Инженерчлэлийн Үүсэл

- үргэлжлэл -

Тооцоолууртай харьцдаг хүмүүс түүнийхээ намтар түүхийг гол төлөв бараг сонирхдоггүй нь тоогүй. Үр дүнд нь хэдэн арван жилийн тэртээ бий болсон олон санаа, ухагдахуунуудыг магадгүй өөр нэршлийн дор шинэ санаа мэтээр сурталчлан түгээхэд хүргэдэг. Өнгөрснөө эргэн харж, нэр томъёо, ухагдахуунууд хэрхэн үүссэнийг мөшгөхөд тодорхой цаг зарцуулах нь зүйтэй гэдэгт би итгэдэг.

Тооцоолуурын эриний чухал цаг үе бол 1950-аад оны сүүл гэж би үздэг. Их сургууль болон судалгааны хүрээлэнгүүд өөрсдийн гэсэн аварга тооцоолууруудтай болов. Энэ үйл явц нь ихэвчлэн инженерийн болон байгалийн ухааны салбарт түлхүү анзаарагдаж байснаа тун удалгүй бизнесийн салбарт нэвтэрлээ. Лаборатори дотор хэдхэн хүн тооцоолуураа ээлжлэн ашиглахаар дугаарлан зогсдог байсан цаг хэдийнэ ард хоцорчээ. Цахилгааны инженерүүдийн хаалттай лабораториас урган төлжиж нийтийн талбарт гарснаар тооцоолуурын хэрэглээ, ялануяа тооцоолуурын хөтөлбөрлөл нь олны үйл хэрэг болон хувирлаа. Шинэ мэргэжил мэндлэв; гэхдээ аварга тооцоолуурууд өөрсдөө хаалттай хананы цаана нууцлаг хэвээр үлдэв. Хөтөлбөрлөгчид өөрсдийн хөтөлбөрөө тоолуур дээр авч ирэхэд түүнийг нь диспетчер хүлээн авч дараалалд оруулах бөгөөд үр дүн нь хэдэн цаг юмуу өдрийн дараа гарна. Тооцоолуур, хүн хоёрын хооронд ямар ч шууд харилцаа байсангүй.

Хөтөлбөрлөл нь ухааны ур сорих асар их тэсвэр, тэвчээр, зориг, эрмэлзлэл шаардсан амаргүй даалгавар хэмээн тооцогдож байлаа. Иймэрхүү ухаан сийлэх ажлыг тэтгэхийн тулд томъёолбор тэмдэглэлүүд бүтээв. Өнөөдөр бид тэднийг хөтөлбөрлөлийн хэлүүд гэж нэрлэдэг. Уг санаа нь тусгай зааварлагч кодын дарааллуудыг математикийн томъёонуудаар орлуулах явдал байлаа. Хамгийн анхны өргөн тархсан Фортран хэлийг IBM (Backus, 1957) гаргаж удалгүй Алгол (1958) болон түүний залгамжлагч нь 1960 онд мэндлэв. Тэр цагт тооцоолуур нь хадгалах, дамжуулах бус зөвхөн тооцоолох зориулалттай байсан тул тэдгээр хэл нь цэвэр математик тоогоор дагнана. 1962 онд Америкийн батлан хамгаалах хэлтсээс эрхлэн бизнесийн зориулалт бүхий Кобол хэлийг гаргажээ.

Тооцоолох чадал нэмэгдэхийн хэрээр хөтөлбөр болон хөтөлбөрлөгчийн эрэлт хэрэгцээ өслөө. Даалгаврууд улам бүр ээдрээтэй болсоор. Тооцоолуур хичнээн чадалтай байлаа ч түвэгтэй асуудал шийдэх гарц олдохгүй зовооно, хөтөлбөрлөл бол хүнд даалгавар гэдгийг аажмаар хүлээн зөвшөөрч эхлэв. Ганц аврал нь хөтөлбөрлөлийн "илүү сайн" хэлүүд, илүү олон "багажнууд", тэр бүү хэл автоматжуулалт хэмээн тооцогдож байлаа. Илүү сайн хэлүүд гэдэг нь хэрэглээний өргөн хүрээ хамарсан, "ярианы" хэлтэй ойр дөт бөгөөд илүү өргөн бололцоотой гэсэн санаа. Шинжлэх ухааны болон арилжааны ертөнцийг нэгтгэхээр PL/1 хэлийг зохиожээ. "Хүн бүрт хөтөлбөрлөх боломж олгосон PL/1-т талархлаа" гэх уриан дор түүнийг сурталчилж байв. Хөтөлбөрлөлийн хэлүүд болон тэдгээрийн эмхэтгүүрүүд нь тооцоолох ухааны тулгуур баганууд боллоо. Гэсэн ч тэдгээр нь тооцоолуурын үндсэн хэрэглээ болсон уламжлалт хоёр салбар болох математик болон электроникийн хүрээнээс халив. Америкт Тооцоолуурын Ухаан, Европт Мэдээлэлзүй хэмээн нэрлэгдэх цоо шинэ сургааль үүслээ.

1963 онд анхны хугацаа-товчлох тогтолцоо үүсэв (MIT, Stanford, McCarthy, DEC PDP-1). Үгүйлэгдэж байсан шууд харилцаа эргэн ирлээ. Тооцоолуур үйлдвэрлэгчид энэ санааг шүүрэн авч өөрсдийн аварга тооцоолох машинуудад зориулсан хугацаа-товчлох тогтолцоонуудыг сурталчилах болов. Багцлан боловсруулах тогтолцооноос хугацаа-товчлох тогтолцоо руу шилжих нь санасныг бодвол хамаагүй хэцүү болж таарлаа. Тогтолцоогоо сурталчилсан хэрнээ хугацаанд нь хүлээлгэн өгч чадахаа болив. Асуудал нь дэндүү нүсэр байжээ. "Ажил дээр нь" судалгаагаа явуулах боллоо. Цоо шинэхэн халуун сэдэв нь мульт боловсруулалт болон өрсөхүй хөтөлбөрлөлт байв. Бэрхшээлийнх нь улмаас томоохон пүүсүүд сүйрлийн ирмэгт туллаа. НАТО санхүүжүүлсэн 1968 оны бага хурал энэ сэдвээр хуралджээ (Garmisch-Partenkirchen, Germany). Хэдийгээр өмнө нь энэ талаар санал, шүүмжүүд үе, үе дэгдэж байсан боловч чухамдаа энэ бага хурлаар тулгарсан бэрхшээлээ нээлттэй хэлэлцэн ер бусын эелдэгээр хүлээн зөвшөөрч, улмаар туурвилын инженерчлэл ба туурвилын хямрал гэх нэр томъёо эргэлдэх болсон билээ.

Туурвил инженерчлэлийн товч түүх

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home